Цагаан агуй

Баянхонгор аймгийн нутаг Бага Богд уулын өмнөд хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршино. Уг агуй цул шохойн чулуун уулын бэлд шохойн чулуун уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд  баруун тийш харсан 3,5 метр өргөн, 3,2 метр өндөр амтай. Агуйн нийт урт 44,1 метр, 4,5 метр дундаж өндөртэй, 4,4 метр дундаж өргөнтэй. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн том танхимтай. Эхний хонгил нь 8.0х9.6 метр хэмжээтэй бөгөөд дараагийн танхимуудын хэмжээ 2.0-3.0 метрээр буурдаг юм.

Бичигт хад

Баянгийн нурууны Их бичигтийн аманд эдүүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-III  мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Их богд уул

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтад, вансэмбэрүү, алтан гагнуур, лидер зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.

Цагаан булаг

Цагаан булгийн хад нь түүх дурсгалын хосгүй нандин дүрс зургууд олонтой. Тухайлбал, хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор дурсгал байдаг. Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон юм уу гэмээр гулсуур хад 3-4 орчим насны хүүхдийн хонхойтол гишгэсэн хөлийн хээ, хадан дээр хэв гарган бүтээсэн хэвтэж байгаа хүүхдийн дүрс зэрэг олон зураг бий./